НИЙСЛЭЛИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛОХ ХАНГАРЬД ШУВУУ

Нэмсэн огноо: 2016/06/26
Цэс: Үзмэр

НИЙСЛЭЛИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛОХ ХАНГАРЬД ШУВУУ

 “Өмнийг тэтгэгч цагаан лавай” буюу Богд Дүнжингарав нь монголчууд бидний эртнээс хүндлэн сүсэглэсээр ирсэн хайрхануудын нэг юм.  1778 онд буюу Тэнгэр тэтгэсний 43 дугаар онд Их хүрээний сайд  Ван Юүндэндорж Богд хан уул, Хэнтий хан, Отгонтэнгэр хайрхан, Бүрэн хан, Бат хан зэрэг хайрхануудыг дархан цаазтай уул болгох тухай өргөх бичгийг Манжийн хаанд барьжээ. Энэхүү өргөх бичгийг Манжийн хаан хүлээн зөвшөөрч 1779 оны Шаргачин гахай жилийн зуны тэргүүн сарын 19-ний өдөр “Богд хан уулыг Халх дөрвөн аймаг, Шавь таваараа нийлж зун болоод намрын цагт буюу жилдээ хоёр удаа тахиж байхтун” хэмээн зарлиг буулгаснаар Богд хан уул нь анх дархан цаазтай болжээ. Хожмоо цаг үе, нийгмийн байдалтай холбоотойгоор жилдээ нэг удаа тахиж байгаад 1921 оноос хойш уг зан үйлийг үйлдэхээ больсон байна.

Богд хан уулын хоёр ноён оргилыг Түшээ гүн, Цэцээ гүн хэмээн нэрлэдэг бөгөөд тухайн үед Цэцээ гүний оргил дээр найман талтай, мянган зааны хошуутай, алтан ганжир бүхий дэрэвгэр сүмийг байгуулж, урд нь улаан хайс бүхий янпай босгож байсан тухай мэдээ бий.

Их хүрээний Хамба номун хан Агваанхайдав нь Төвдийн Ванчин ламд хүсэлт тавин “Дашчиравын сан” буюу “Дөрвөн уулын сан сэржим” хэмээх номыг анх айлтгуулжээ. Энэхүү ном нь нийт монголчуудын дунд ихэд алдаршиж түгсэн бөгөөд өдгөөг хүртэл уншигдсаар байна. Энэхүү сударт өгүүлснээр “Богд хан уулын эзэн тэнгэр нь хаан язгууртай, цаст уул мэт бие лагшинтай, буман сарны гэрэл туссан мэт ихэд жавхлантай, баруун мутартаа улаан цацаг бүхий жад, зүүн мутартаа дайсны амин зүрхийг дэгээдэгч төмөр дэгээ барьсан, лагшиндаа элбэг дэлбэг цагаан навстай, тэргүүндээ зөв эргэсэн цагаан дун бүрээгээр чимсэн цагаан торгон унжлагатай, алтан эмээл, мөнгөн хазаартай хүлэг хүлгийн дээд үүлэн цагаан морь хөлөглөсөн байх агаад ихэд догшин царай, цоргисон хурц нүдтэй, их хааны байдалтай оршино. Түүнийг хүрээлэн зарлигийн түшмэл, ноёд орших бөгөөд тэдний дээр Хангарьд шувууд чуулан, доор нь буга согоо,  баавгай,  чоно тэргүүтэй араатан амьтад хүрээлэн байх ажээ. Түүнчлэн Богд хан уулын эзэн тэнгэрийн тэргүүндээ залсан Хангарьд шувуу нь буддын шашны домог ёсоор ертөнцийн хүчтэнгүүдийн нэг бөгөөд эртнээс Богд хан уулын бэлгэдэл болсоор ирсэн байна.

Тиймээс ч Их хүрээ цамын нэгэн дүр нь Хангарьд шувуу байдаг бөгөөд түүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотыг буюу Их хүрээг хүрээлэн орших Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх хайрхан уулсын эзэн савдгууд дүрслэгдсэн байдаг нь Их хүрээ цамын нэгэн томоохон онцлог юм.

Цаасан шуумлын аргаар, уран нарийн хийцтэйгээр бүтээсэн Их хүрээ цамд гарч байсан “Дөрвөн уулын эзэн савдаг”-уудын цамын баг нь одоогийн Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байна.

Эртнээс Дархан цаазат Богд хаан Дүнжингарав уулаа эрхэмлэн хүндэлсээр ирсэн монголчууд бид нийслэл хотынхоо сүлд тэмдгийг 1995 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр “Хангарьд шувуу” байхаар батлан шийдвэрлэсэн байна.

 

 

Чойжин ламын сүм музейн

эрдэм шинжилгээний ажилтан

Л.Цэеэрэгзэн

 

 

 

 

 

Ашигласан бүтээл:

  1. Дашзэвэг.Н, Хүрээ дөрвөн уул, хатан туул, УБ, 1992 он
  2. Чойжин ламын сүм музей, УБ, 2011 он
  3. Дүнжингаравын магтаал /Төвд/