МАХАРАНЗ СҮМ

Нэмсэн огноо: 2016/08/21
Цэс: Сүм

Музей цогцолбор нь Махранз сүмээс эхлэнэ. Махаранз гэдэг нь “Их хаан” гэсэн утгатай "Махаража" (са: Чатур Махаража, тө: Жал-чэн дэ-ши) хэмээх санскрит үгнээс гаралтай юм. Энэ сүмд Их хүрээний лам уран шойв Аюуш, Ваанчиг нарын цаасан шуумлын аргаар бүтээсэн дөрвөн их махранз залаастай байна. Эдгээр догшин дүрт хаад бол ертөнцийн дөрвөн зүгийг сахин хамгаалагчид юм.

Сүмийн зүүн дээд талын хааныг Юлхорсүрэн гэх ба ертөнцийн зүүн зүгийг сахин хамгаалагч, үнэр идэштэн буюу тэнгэрийн хөгжимчдийг эрхшээгч ажээ. Зүүн доод талын хааныг Жанмисан гэх ба ертөнцийн баруун зүгийг сахин хамгаалагч, лусын чуулганыг эрхшээгч хаан юм.

Сүмийн баруун дээд талын хааныг Намтойсрай гэх ба ертөнцийн хойд зүгийг сахин хамгаалагч, эд баялгийн Бисман тэнгэр, өвчин эмгэг авчрагч амьтдыг эрхшээгч хаан ажээ. Түүний хажуугийн хааныг Хутагтын хүү Пагжийбуу гэх ба ертөнцийн өмнө зүгийг сахин хамгаалагч, аврага биет чөтгөр, мангас кумбака нарыг эрхшээгч хаан сахиус юм.