ХАЛХ ХААЛГА

Нэмсэн огноо: 2016/08/21
Цэс: Сүм

Чойжин ламын сүм музейн хамгийн урд хэсэг дэх хөх саарал өнгөтэй “Халх хаалга” сонин содон бэлгэдэл, чимэглэл тэргүүтнээрээ олны харааг эрхгүй булаана. Энэхүү хаалга нь долоон метр өндөр, арван зургаан метр урттай. XVIII-XX зууны эхэнд зөвхөн бүхэл Дайчин гүрний хэмжээнд онцгой чухал бөгөөд эзэн хааны соёрхол ивээлийг хүртсэн ордон, сүм хийдүүдийн өмнө зэрэг дэв, эрх ямбын илэрхийлэл болгон энэхүү хаалгыг сүндэрлүүлдэг байжээ. Ийм халх хаалга эдүгээ Монголд гурав бий. Гэхдээ манай музейн халх хаалга нь чимэглэлийн урлаг ба өнгө үзэмжээрээ бусдаас машид ялгарахуйц өвөрмөц онцлог бүхий байдаг.. Чойжин ламын сүм музейн халх хаалганы урд талын гол хавтсанд гарьд шувууг хоёр арслангийн хамт, баруун, зүүн хавтсанд дорно дахины соёлд түгээмэл "Үхэшгүй мөнх найман сахиус"-ыг дүрсэлжээ. Хойд талын хавтсанд хурмаст тэнгэрийн эзэн дөрвөн хумст таван луу, амьтай бүхэн өвчин зовлонгүй, баяр баясгалантай урт удаан наслахыг бэлгэддэг урт наст зургааг ингэмэл аргаар бүтээсэн байдаг. Халх хаалгыг өлзийт найман тахил, бадам цэцгийн гоёмсог хээгээр хүрээлэн чимэглэжээ. Халх хаалга нь зүг, зовхисын элдэв аюул, саад тотгор, муу хорлол бүхнээс хамгаалах утга бэлгэдэлтэй.