ХОТОЛ ЧУУЛГАН ТУС АМГАЛАНГИЙН СҮМ

Нэмсэн огноо: 2016/08/21
Цэс: Сүм

         Хотол чуулган тус амгалангийн сүм нь монгол гэр адил дугуйрсан найман ханатай, адар нь огторгуй хэлбэрт, хана нь тал нутаг, хурмаст тэнгэр, газар лусын орныг санагдуулам өвөрмөц тансаг хийц загвартай бөгөөд Гол сүмийн зүүн талд оршино. Уг сүмд Манжийн эзэн хаанаас “Хотол чуулган тус амгалангийн сүм” хэмээн нэр соёрхсон боловч “Өндөр сүм”, “Өндөр Гэгээний сүм”, “Өргөлийн сүм” хэмээн олноо хүндлэгдэн иржээ. Сүмийг ийнхүү Өндөр гэгээний алдраар нэрлэх болсон нь түүний урласан хосгүй нандин бүтээлүүд тус сүмд хадгалагдан байгаатай холбоотой юм. Тус сүмд Өндөр гэгээн Занабазарын мутрын ураар амилсан дахин давтагдашгүй, хосгүй үнэт хүрэл цутгамал, алт шармал бурхад болон түүний сургууль хийцийн гайхамшигт ур хийцтэй сонгодог бүтээлүүд үзэгч олны харааг булааж, сэтгэлийг баясган заларч байна.