ЯДАМ СҮМ

Нэмсэн огноо: 2016/08/21
Цэс: Сүм

Ядам сүмийг Гол сүмийн хойно бусад гурван сүмээс хэрмэн ханаар тусгаарлан барьсан байдаг. Энэхүү сүм нь чойжин лам Лувсанхайдавын нууц тарнийн бүтээлийн ариун шүтээн болсон ядам бурхадын орон, бясалгал нинбаны гол өргөө нь байжээ. Ядам бурхан нь хүний сэтгэлийн тангарагаар холбогдсон бясалгалын бурхан хэмээх утгатай. Чойжин лам Лувсанхайдавын ядам бурхад нь ихэвчлэн номын дагины хамт хосоор дүрслэгдсэн байдаг. Ядам сүмийн хойморт Лувсанхайдав хутагтын эрт урьдын нэгэн дүр болох Энэтхэгийн наян дөрвөн шидэтний нэг Дүвчин Нагбужодбагийн (са: Махасиддха Ханаба, Ганхаба, Кришначаръяа - "Хар багш", "Хар арьст шидтэн" гэсэн утгатай) алт шармал дүрийг хүндэтгэлтэйгээр залсан байна. Сүмийн зүүн, баруун талаар Дэмчиггарав, Дүйнхор, Дэмчог, Махамаяа, Янсан-Ядам, Жамсран, Ламид Дара Эх зэрэг уран нарийн хийцтэй бүтээлүүдийг залжээ.