ЗУУ СҮМ

Нэмсэн огноо: 2016/08/21
Цэс: Сүм

Зуу гэдэг нь эрхэм дээд гэсэн утгатай “Жову” гэдэг төвөд үгнээс гаралтай ажээ. Богд Зонхава (1357-1419) бээр Төвөдийн Лхас хотын алдарт Жохан (Жову бурханы өргөө) сүмийн Шагжамуни бурханд эрдэнийн титэм өргөж, жил болгон “Их Ерөөл” хэмээх шашин номын хуримыг хийдэг уламжлалыг тогтоожээ. Үүнээс үндэслэн бурханы шашинт орнуудын томоохон сүм хийдийн дэргэд Бурхан багшид зориулан “Зуу сүм”-ийг барих болсон байна. Чойжин ламын сүм музейн Зуу сүмийн бүхий л үзмэрүүд цаасан шуумлын аргаар бүтээгдсэн байдаг.

Сүмийн хойморт гурван цагийн бурхадын дүр болох урьд галавын бурхан Гашиб (са: Касяпа, тө: Одсүрэн), манай галавын бурхан Шагжамуни, ирээдүй цагт залрах Майдар бурханыг хоёр шавийн хамт цаасан шуумлын аргаар бүтээн залжээ. Мөн сүмийн ханаар орчлонгийн амьдралаас уйсаж аглагт шүтэн дээдийн номын дияан бясалгалыг үйлдэгч архадуудын дүрийг өвөрмөц зохиомжтойгоор бүтээсэн байна.