ЗАНХАН СҮМ

Нэмсэн огноо: 2016/08/21
Цэс: Сүм

Занхан сүмийн нэрийг төвөд хэлнээс хөрвүүлбэл “Догшдын орон” гэсэн утгатай юм. Энэ сүмд төрийн чойжин Лувсанхайдав хутагт шашны сахиусаа буулгадаг байжээ. Тиймээс VIII Богд Жавзандамба хутагт болон ихэс дээдэс, язгууртнууд орох эрхтэй байв. Чойжин лам Лувсанхайдавын “Занхан сүм” нь бүхэлдээ шашны “Чойжин буух” зан үйлийн онцлог, догшин сахиусуудын сүр хүчийг илтгэхэд чиглэгдсэн өвөрмөц зохиомжтой юм. Сүмийн хойморт Монголын шашин, төрийн тэргүүн YIII Богд Жавзандамба хутагтын сүр хүчийг илтгэсэн найман арслан, есөн луугаар чимэглэсэн сэнтийг залсан байна. Сүмийн баруун хойморт шарын шашныг үндэслэгч Богд Зонхава, улааны шашны ёсыг үндэслэгч олон хүчирхэг төрөлхийтнүүдийн ам тангарагийг авч номыг тэтгэгч сахиус болгосон Ловон Бадамжунай нарын алт шармал болон шуумал дүрүүд, зүүн хойморт буддын шашны ядам Жигжид бурханы цэс хөөмөл дүр,төрийн чойжин Лувсанхайдав хутагтын биедээ оршоодог байсан сахиусны дүрүүдийг хүрээлүүлэн залсан нь нэн сүрлэг дүр төрх, өнгө үзэмжийг бүрэлдүүлдэг юм.