“Хайрцган дахь музей” төсөл

Нэмсэн огноо: 2016/08/25

                                                     “Хайрцган дахь музей” төсөл

Соёлын өвийн талаарх хүүхэд залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, соёлын хөдөлгөөнт өвийг сурталчлах, музейн боловсролын хөтөлбөрийг баяжуулах замаар “Хайрцган дахь музей” албан бус боловсролын төслийг "Монголын урлагийн зөвлөл"-ийн санхүүжилтээр Чойжин ламын сүм музейд хэрэгжүүлж эхэлснээс хойш 5 жил болжээ. Энэ төслөөр бид хүүхэд залуучуудад хөдөлгөөнт өвийн талаар мэдлэг олгох, үндэсний уламжлалт гар урлал, дүрслэх урлагийн хичээлийн дасгал ажил, бүтээлч оролцоон дээр тулгуурласан сургалтын агуулгаар дамжуулан тэдэнд түүх, соёлоороо бахархах, уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох зорилготой юм.

Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт тулгуурлан бүтээсэн “Хайрцган дахь музей”  сургалтын багц нь тус музейн жижигрүүлсэн үзмэрүүд, цамын өмсгөл хувцас, Богд хаан болон түүний хатан Дондогдуламын сэнтий, Чойжин ламын сүмийн барилгын жижигрүүлсэн загвар, цамын багнуудаас бүрддэг. Түүнчлэн сонирхолтой үгийн сүлжээ, асуулт хариулт, дүрслэх урлагийн хичээлийн дасгал ажлууд зэрэг агуулгатай юм.

Тус “Хайрцган дах музей” төслийн үр дүнд:

  • 2012-2013 оны хичээлийн жилд Хас банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Гачуурт, Налайх, Багануур, Хонхор зэрэг 8 дүүргийн төвөөс алслагдсан 13 сургууль, Дархан–Уул, Баянхонгор, Эрдэнэт, Булган, Төв аймгийн нийт 7 сургуулиар аялуулж нийт 1000 гаруй сурагч хүүхдүүдэд,
  • 2014-2015 оны хичээлийн жилд “Цөлийн сарнай” хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургууль, Ерөнхий боловсролын “Амгалан цогцолбор” сургууль, Ерөнхий боловсролын 51-р дунд сургуулийн 500 гаруй хүүхдэд музейн соёлын үнэт өвийн тухай мэдлэг, мэдээллийг тус тус хүргэн ажилласан болно.