image
clock
2023-04-05
ЭЛДЭВ ҮЗЭСГЭЛЭНТ ДҮРСИЙН ЧУУЛГАН

1. "ЭЛДЭВ ҮЗЭСГЭЛЭНТ ДҮРСИЙН ЧУУЛГАН"

Чойжин ламын сүм нь зөвхөн нэг орон нутгийн төдийхөн бус харин бүхэл Чин гүрний түвшний орд өргөөгөөр батламжлагдаж, эзэн хаанаас нь тусгайлан "Өршөөлийг хөгжүүлэгч сүм" хэмээн нэр соёрхогдсон тул Чин гүрний үеийн орд харшийн ерөнхий байгуулалтын стандартыг хангасан, барилга архитектурын хувьд Төвөд-Монгол, Хятад-Монгол хэв шинжтэй, дорно дахины ард түмний уран зураг, чулуун болон модон сийлбэр, цутгуур болон хөөмөл, цаасан шуумал, вааран урлагийн охь шимээр чимэглэгдэн амилсан гоёмсог нэгэн өргөө, ЭЛДЭВ ҮЗЭСГЭЛЭНТ ДҮРСИЙН ЧУУЛГАН юм.

"Номыг сахигч тэнгэрийн өргөө" энэ нь нэгдүгээрт, өдгөө мөхөж үгүй болсон Манж чин гүрний орд өргөөний соёлын дурсгал, хоёрдугаарт, Богд хаант Монгол улсын үеийн "Нийслэл хүрээ"-ний дүр төрхийг илтгэх гарын таван хуруунд багтах цөөхөн дурсгалын нэг, ерөөс Монголын Бурхны шашин, соёл, урлагийн шим бүхэн хотол төгссөн үзэсгэлэн мөн билээ.

 

2. МАХАРАНЗ СҮМ

Махаранз сүм нь Чойжин ламын сүмийн гол хаалганы үүргийг давхар гүйцэтгэдэг, 12.88х8.68м хэмжээтэй байгуулалттай, тоосгон ханатай модон арагтай хоёр давхар барилга юм. Нэгдүгээр давхрын нүүрэн талдаа хоёр багана бүхий саравчтай, хоёр хавтаст гол хаалгатай, хаалганы хоёр талд нэг нэг цонхтой. Сүмийн ар тал сараалжин цонх бүхий хаалгатай, үндсэн хана цонхгүй. Баруун, зүүн талын хана цулгуй, хоёр талдаа хэрэмний хана үргэлжилсэн ба хоёрдугаар давхар нь нүүрэн талдаа сараалжин цонх болон хаалгатай, хоёр талдаа дугуй цонхтой, ар талдаа аркан хаалгатай. 

3. Чойжин ламын сүм музейн ХҮНДЭТГЭЛИЙН ХААЛГА

4. ХҮНДЭТГЭЛИЙН ХААЛГАНЫ ИЛТГЭЛ САМБАР

Тус илтгэл самбарт монгол бичгээр бичихдээ энгийнээр, шууд уншигдахаар бус, уншъя хэмээх чин сэтгэлээр уншиж болохуйц аргыг ашиглан бичсэнийг та гэрэл зургаас харж болно. Улаан өнгөөр заасан сумны дагуу уншихад "Хар зүгийн шуламсын аймгийн өмгийг дарагч их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш" хэмээн уншигдана. Илтгэл самбар дээрх энэхүү бичгээс Чойжин ламын сүмийг анхлан бүтээсэн үүрэг зориулалтыг харж болох мэт. Өөрөөр хэлбэл тус сүм цогцолборыг элдэв муу ёр, ад зэтгэр, хорлол, аюулагдахууныг хааж дарах арга замыг заагч, номыг тэтгэгч их сахиуснуудыг оршоон буулгах зан үйлд зориулан бүтээжээ.

 

5. Эгц урдаас, 1920-1930-аад он

Хожим халх хаалганы чулуугаар шат, довжоо, сандал зэргийг хийсэн гэх аман мэдээ бидний үед уламжлагдан ирсэн билээ.

 

6. *Чойжихорол, Чойжхорол (Tib. chos kyi 'khor lo-ཆོས་ཀྱི་འཁོར་ལོ།), номын хүрд, товчоор “чойнхор” гэнэ.

Чойжихорлыг сүм дуганы оройд буюу эсвэл хаалганы оройд дээврийг голлуулж байрлуулдаг.

7. Хүндэтгэлийн хаалганы зүүн урд талаас, 2021.05.20

8. Хүндэтгэлийн хаалганы зүүн хойд талаас, 2019.08.28

*Чүсрэн-(Tib. chu srin- ཆུ་སྲིན།)

Усан махбодын бэлгэдэл тул уснаас үүсэх алив аюулаас сэргийлэхийг бэлгэдэж, сүмийн дээврийг чүсрэнгээр сахиулдаг.

9. Зүүн урд талаас, 2020.07.27

Чойжин ламын сүм музейн ГОЛ СҮМ БУЮУ ХУРЛЫН СҮМ

10. ГОЛ СҮМИЙН ИЛТГЭЛ САМБАР

Гол сүмийн үүдний дээд хэсэгт 1906 онд Манж Чингийн Бадаргуулт төр хааны тус сүмд шагнасан “Өршөөлийг хөгжүүлсэн сүм” хэмээх нэрийг луун хүрээтэй номин хөх өнгийн дэвсгэртэй, илтгэл самбар дээр Манж, Монгол, Хятад, Төвөдөөр алтан өнгөөр бичжээ.

Мөн уг илтгэл самбарын гол дээд хэсэгт хятадын ханз үсэг бүхий тамганы дардас буй. Уг тамганы дардсыг доктор (Ph.D) О.Оюунжаргал “Бадаргуулт төр хааны гараар бичсэн тамга” хэмээн тайлж уншсан байдаг.

Энэхүү тамганы дардас тус сүмд Манж Чингийн Бадаргуулт төр хаан нэр шагнасан гэдгийг харуулж буй хэрэг юм. Ер нь Манж Чингийн хаад хаан ширээнд суусныхаа дараа оны цолоо оруулсан тамга хийлгэдэг уламжлалтай байв. Тамганы бичгийг хаан өөрийн гараар сийлсэн учраас “Гараар бичсэн” хэмээдэг байна.

11. Эгц урд талаас,1920-1930-аад он

12. Чойжин ламын сүм музейн АРВАН ЗУРГААН БАГАНАТ АСАР

13. ****Зэндмэнэ эрдэнэ, чандмань эрдэнэ (Tib. Tsin ta ma ṇi; Skt. Cintāmani; Eng. the wishing jewel-precious stone, jewel)

Чандмань эрдэнийн нэг төрөл буюу таван зууван дугуй дүрсээс бүтнэ. Тэгш таван хүсэл буюу харах, амтлах, үнэрлэх, сонсох, хүртэх таван мэдрэхүйн баясал цэнгэлийг хангахын утгатай. [5] Мөн үлгэр туульст гардаг гадаад далайгаас залж авчирсан, гайхамшигт ид шидтэй хүн бүхний хүслийг хангагч норов эрдэнэ, хаан төрийн долоон эрдэнийн нэг. Энэ эрдэнэ гурван зууван дугуй дүрсээс бүтнэ. Бие, хэл, сэтгэл гурвын хүслийг хангах утгатай.

14. ЯМПАЙ БУЮУ ХАЛХ ХААЛГА Хойд талаас, 1910-аад он Өдгөө Улаанбаатар хотын зүрхэнд асарлах Чойжин ламын сүм цогцолборыг 1904-1908 оны хооронд тухайн цагийн Манж чин гүрний орд өргөөний бүх стандарт шаардлагыг ханган барьж байгуулжээ*. Бадаргуулт төрийн гучин хоёрдугаар он (1906) таван сарын хорин нэгэнд шинээр сүм ордыг байгуулсан тул нэр соёрхоно уу гэсэн айлтгал бичгийг** Манжийн хаанд өргөн барьж байснаас үзэхэд сүм цогцолборыг 1906 он гэхэд барьж дууссан бололтой байдаг. Ингээд Манжийн эзэн хаанаас хууль зүйд бүрэн нийцсэн тул мөн ондоо “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэрийг зарлигаар*** шагнан олгожээ. Үүний хойно Халх хаалга тэргүүтэн зарим байгууламжийг гүйцээж барьж байгуулсаар 1908 онд төгссөн байх магадтай юм. Учир нь Манжийн эзэн хаан олон сүм хийдэд нэр өгсөн байдаг ч Халх хаалгыг хэрэглэх соёрхлыг тэр бүр өгдөггүй байжээ. Халх хаалга бол Манжийн эзэн хааны соёрхол ивээлийг хүртсэн ордон, сүм хийдийн өмнө зэрэг дэв, эрх ямбыг илэрхийлдэг байв. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн цагийн” эрх ямбаны гэрчилгээ" мөн. 

* 55 тасалгаатай өргөө хэмээн өрөөний тоог нэмж айлтгасан нь энэхүү стандартад нийцүүлэх тухайд байжээ.

**МУҮТА.ХМ-85.Д-1.ХН-1253.тал 119а-120а.

***МУҮТА.ХМ-85.Д-1.ХН-1253.тал 121а-122б.

15. ЯМПАЙ БУЮУ ХАЛХ ХААЛГА

Чойжин ламын сүм музейн Халх хаалга 7.10м өндөр, 16.3м урт юм. Ямпай хаалганы урд талын гол хавтсанд ертөнцийн дөрвөн хүчтэний нэг гарди шувууг хоёр арслангийн хамт, баруун, зүүн хавтсанд дорно дахины соёлд түгээмэл "Үхэшгүй мөнх найман сахиус"¬-ыг дүрсэлжээ. Хойд талын гол хавтсанд хурмаст тэнгэрийн эзэн дөрвөн хумст таван луу, зүүн хавтсанд Бурхан багш гучин тавны сүүдэртээ бурхны хутгийг олсныг дүрсэлсэн бол баруун хавтсанд амьтай бүхэн өвчин зовлонгүй, баяр баясгалантай, юугаар ч дутахгүйг бэлгэдсэн урт наст зургааг ингэмэл аргаар бүтээн, өлзийт найман тахил, луу, Бадам цэцгийн гоёмсог хээгээр хүрээлэн чимэглэсэн байна. Ямпай хаалга нь аливаа аюул, саад тотгор, муу муухай бүхнээс хамгаалах бэлгэдэлтэй. 

16. Чойжин ламын сүм музейн Халх буюу Ямпай хаалганы урд талын баруун болон зүүн хавтсанд дорно дахины ард түмний соёлд түгээмэл “Үхэшгүй мөнхийн хутгийг олсон найм”-ыг дөрөв дөрвөөр нь ингэмэл* аргаар бүтээжээ.

Эдгээр нь эртний хятадын түүх, домогтой холбоотой үхэшгүй мөнхийн хутгийг ологсод бөгөөд мууг дарж, амь амьдралыг хайрлах тус тусын онцлог хувилгаан чадалтай гэдэг. [1]

*Ингэмэл арга гэдэг нь зарим дүрслэлийг үндсэн дэвсгэрээс хагас товойлгон бүтээснийг хэлнэ.