image

History

Өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын бурхны шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг нь Чойжин ламын сүм музей юм. Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулсан анхны Занхан сүм, гэр өргөөг 1899-1901 онд байгуулсан боловч 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч тэрхүү гэр өргөө бүрмөсөн шатжээ. Иймээс тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч лам нар “Далхын дэнж” буюу одоогийн Чойжин ламын сүм музей буй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн шинжсэнээр 1904 оноос монгол, хятад урчуудын ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн үзэмж төгөлдөр сүм, өргөө байгуулах ажлыг эхэлж, 1908 оны үед бүрэн дуусгажээ. Тус сүм өргөөг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээн босгоход 69230 лан, 7 цэн, 8 пун мөнгө зарцуулсан байна.
Манжийн эрхшээлийн үед Монгол нутагт тавин таваас дээш тасалгаа буюу өрөөтэй сүм байгуулахад тухайн сүмд Манжийн хаан нэр шагнаж олгодог хуультай байсан учир 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнажээ. Гэвч уг сүм ард олны дунд “Чойжин ламын сүм” хэмээн эзэн Чойжин лам буюу Монгол төрийн сахиусны их гүдэнба Лувсанхайдавынхаа нэрээр алдаршсан юм.
1918 онд хутагт Лувсанхайдавыг жанч халсаны дараа ч тус сүмийн лам хуврагууд хурал номын үйл ажиллагаагаа таслалгүй үргэлжлүүлж, 1930-аад оны сүүл үед хүрчээ. 1930-аад онд төр, засгаас шашин, сүм хийд, лам нарын талаар хатуу бодлого баримтлан, ард олны шүтэж бишрэх эрх чөлөөг хязгаарлаж, сүм хийдийн үйл ажиллагааг хаажээ. Иймээс 1930-аад оны эцэст шашин номын үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосны олон сүм хийдийн нэг нь Чойжин ламын сүм байв. Гэхдээ тус сүмийн барилга байгууламж, бурхан шүтээн нь бусад олон дацан сүм хийд шиг устаж үгүй болоогүй юм.
image
image
1930 онд Оросын уран барилгач Васильев, 1937 онд Шинжлэх Ухааны Хүрээлэн буюу өдгөөгийн Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд Чойжин ламын сүмийг үзэж уран барилгын хийцийн хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв болохыг тодорхойлсон нь төр засгийн тэргүүн нарын сонорт хүрч, 1938 онд Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өрлөг жанжин Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ. Ингэснээр тус сүм нь Монголчуудын бүтээсэн шашин, соёлын их өвийг хадгалан хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий соёл байгууллага болсон юм.
Улмаар 1941 оны 10-р сарын 20-нд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хэсэг эрдэмтэн судлаачид БНМАУ-ын нутаг дэвсгэр дэх түүх соёлын зарим дурсгалыг улсын хамгаалалтад авах санал, “Хуучин зүйлийг сахин хамгаалах тухай дүрэм”-ийн төсөл боловсруулан Улсын Бага Хуралд өргөснийг тус хурлын Тэргүүлэгчид 1941 оны 11-р сарын 13-ны өдрийн 79-р тогтоолоороо баталж, Чойжин ламын сүмийн Ямпай хаалга буюу Халх хаалгыг улсын хамгаалалтад авсан байна.
1960 оны 4-р сарын 11-д МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооноос Чойжин ламын сүм, Богдын ногоон ордон буюу өдгөөгийн Богд хааны ордон музей, Гандантэгчинлэн хийд, Өндөр Жанрайсэг, Гэсэр сүм, чин ван Ханддоржийн өргөө зэрэг түүх соёлын дурсгалт газрыг улсын хамгаалалтад авч музей үзмэрийн газар байгуулах, сэргээн засварлах тухай 109 тоот тогтоол гаргасан юм.
Удалгүй 1961 оны 10-р сарын 09-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 524 тоот тогтоол гаргаж, Чойжин ламын сүм, Богдын ногоон ордон зэргийг улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад байх түүх-соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан байна.
Тэрхүү музей болсон 1938 оноос 1961 он хүртэл тус музейг зөвхөн гадаадын томоохон зочдод төлөөлөгчдөд үйлчилдэг “Хаалттай музей” байсан бөгөөд 1961 онд 900 000 гаруй төсөв бүхий сэргээн засварлалтын ажлыг хийсний дараахнаас олон нийтэд нээлттэй үйлчлэх музей болжээ.
Чойжин ламын сүм музей нь 1968 он хүртэл Шинжлэх Ухааны Хүрээлэн буюу Шинжлэх Ухааны Академи, 1968 оноос Соёлын Яамны Музей Удирдах Газрын харьяанд ажиллаж байгаад 1990 оны 5 дугаар сарын 1-нд Музей Удирдах Газрыг татан буулгаж, музейнүүдийг түүх хувьсгал, түүх, түүх угсаатны зүй, байгалийн болон урлагийн хэмээн төрөлжүүлэн зохион байгуулахад Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу, Амарбаясгалант музейнүүд болон Жанрайсэгийн дуганыг Улс төв музейн мэдэлд шилжүүлсэн байна.
image
image
Чойжин ламын сүм музей нь 1968 он хүртэл Шинжлэх Ухааны Хүрээлэн буюу Шинжлэх Ухааны Академи, 1968 оноос Соёлын Яамны Музей Удирдах Газрын харьяанд ажиллаж байгаад 1990 оны 5 дугаар сарын 1-нд Музей Удирдах Газрыг татан буулгаж, музейнүүдийг түүх хувьсгал, түүх, түүх угсаатны зүй, байгалийн болон урлагийн хэмээн төрөлжүүлэн зохион байгуулахад Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу, Амарбаясгалант музейнүүд болон Жанрайсэгийн дуганыг Улс төв музейн мэдэлд шилжүүлсэн байна.
Удалгүй 1991 оны 7-р сарын 23-нд Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу, Амарбаясгалант музейдийг бие даасан музей болгон ажиллуулах шийдвэр гарсан боловч 1991 оны 8-р сарын 7-нд эдгээрийг нэгтгэн “Шашны түүхийн музей” болгон өөрчлөн зохион байгуулжээ.
Гэвч 1992 оны 4-р сарын 03-ны Соёл, урлагийн хөгжлийн хорооны даргын 96 тоот тушаалаар “Шашны түүхийн музей”-г татан буулгаж Дүрслэх урлагийн музейн харьяа Шашны урлагийн салбар-музей болгон ажиллуулсан ч уг оныхоо намар Дүрслэх урлагийн музейг тусгаарлан дээрх музейнүүдийг дахин “Шашны түүхийн музей” болгон зохион байгуулсан байна.
Улмаар 2000 оны 1-р сарын 5-ны Гэгээрлийн сайдын 07 тоот тушаалаар Чойжин ламын сүм музейг бие даасан музей болгожээ.
Ийнхүү өдгөөгөөс 110 жилийн тэртээ байгуулагдсан Монгол төрийн их сахиусны гүдэнба, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлийн их өргөө “Өршөөлийг хөгжүүлэгч” сүм музейн үйл ажиллагаа эрхэлж, Монголын түүх, шашин, соёлын дахин давтагдашгүй хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалан, судлан сурталчилж, дахин давтагдашгүй үзмэрүүд нь үзэгч олны мэлмийг мялаасаар байна.
image

Байгууллагын нэрийн өөрчлөлт

1904 - 1938 Өршөөлийг хөгжүүлэгч сүм
1938 - 1990 Сүм музей
1990 - 1999 Шашны түүхийн музей
2000 - Одоо Чойжин ламын сүм музей
image