Музейгээр дамжуулан соёлын өвийг түүчээлэн олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго дор нэгдэн, оюун ухаан, мэдлэг чадвар, авьяас билэг, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг хамт олноо төлөөлөн байгууллагын цахим хуудсаараа дамжуулан эрхэм үзэгч тантай мэндчилж байгаадаа баяртай байна.
Зуун дамжсан түүхийг хадгалан сүндэрлэх тус сүм нь анх 1908 онд YIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү олноо “Чойжин лам” хэмээн танигдсан Лувсанхайдавт зориулан бүтээгдсэн. 1936 оныг хүртэл хурал номын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1941 оны 11 сарын 13-ны өдрийн Ардын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар түүх соёлын тэргүүн зэргийн дурсгал болгосон байдаг ба 1938 оноос шашны музей гэх болжээ. Монголын түүх, шашин, соёл, урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох “Чойжин ламын сүм музей” нь өдгөө олон нийтэд зургаан мянга гаруй хосгүй үнэт өвийг үзүүлэгийн танхим, эрдэм шинжилгээний бүтээлүүд, хурал, хэлэлцүүлэг, сэдэвчилсэн болон уламжлалт үзэсгэлэнгүүд, музейн боловсролын хөтөлбөр, цахим контент болон бусад арга хэмжээгээр дамжуулан сурталчлан таниулах, судлан шинжлэх хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажлыг тасралтгүй явуулсаар байна.
Бид музейн цахим хуудсаараа дамжуулан төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, музейн үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь та бүхэндээ хүргэх болно.
Та бүхнийг манай гэгээн сүм музейгээр зочлон
бие сэтгэл, оюунаа мялаахыг урьж байна.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ЗАХИРАЛ
Д.ОТГОНСҮРЭН