Сүм, Танхимууд

Гол сүм

Энэхүү сүм нь Төрийн чойжин Лувсанхайдавын шашны номын үйлийн гол орон байжээ. Энэ сүм бол бурхдын уран нарийн хийцтэй дэлгэмэл зураг, зээгт наамал, цамын баг өмсгөлүүд, бурхны орон, халуун хүйтэн тамын зураг, шашны хөгжмийн зэмсэг зэрэг монголын шашин соёл, урлагийн олон зүйл хосгүй нандин өвийн үзэсгэлэн мөн. Сүмийн хойморт XYIII зууны үеийн бүтээл Бурхан Багшийн алт шармал дүрийг хоёр шавийн хамт залсан байна. Бурхан багшийн баруун талын өндөр сэнтийд чойжин лам Лувсанхайдав хутагтын шуумал дүр, зүүн талд Хамба Номун хан Балданчоймболын занданшуулсан дүрийг хүндэтгэлтэйгээр залсан байдаг.

1916 онд VIII Богд Жавзандамба хутагтын лүндэнгээр Чойжин ламын сүмд цам харайж байсан тухай архивын баримт бий. Өдгөө үүний баталгаа болсон Хүрээ, Манзушир, Чойр хийцийн олон цамын баггол сүмийн баруун, зүүн ханын дагуух шилэн хоргонд дэлгээстэй байдаг юм. Тэдгээрийн дотроос Жамсран, Гомбо бурхадын цамын иж бүрэн өмсгөл, догшид, сахиусуудын цамын багууд нь чамин тансаг ур хийцээрээ үзэгч үйлчлүүлэгчдийн сонирхолыг их татдаг билээ. Мөн энд ур хийцээрээ дэлхийд өндрөөр үнэлэгддэг Монгол Улсын хосгүй үнэт өв Жамсран бурханы шүрэн баг бүхий иж бүрэн өмсгөл хүндэтгэлтэйгээр залаастай байдгийг дурьдахгүй байхын аргагүй.
image