1. “МОНГОЛ ТӨРИЙН ЧОЙЖИН ЭРДЭНЭ БИЛИГТ ТУНГАЛАГ БИШРЭЛТ ХУТАГТ ЛУВСАНХАЙДАВ” цахим үзэсгэлэн
Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу зуны эхэн сарын шинийн арван таван тавныөдрийг тохиолдуулан Чойжин ламын сүм музейгээс “МОНГОЛ ТӨРИЙН ЧОЙЖИНЭРДЭНЭ БИЛИГТ ТУНГАЛАГ БИШРЭЛТ ХУТАГТ ЛУВСАНХАЙДАВ” цахимүзэсгэлэнг Та бүхэнд өргөн барьж байна.Музейгээс эрхлэн хэвлүүлсэн эрдэмшинжилгээ, судалгааны бүтээлүүдэд хэвлэгдсэн шинэ тулгар олон мэдээ, архивынбаримтыг дэлгэж, Лувсанхайдав хутагтын шинэлэг бөгөөд сонирхолтой намтрыгуншигч та бүхний тааллын баясгаланд өргөн толилуулж байна.
2. Гүжир хамба, Нийслэл Хүрээний голын чойжин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт, ард олноо Чойжин лам хэмээн алдаршсан Лувсанхайдав (1872-1918) Монгол улсын сүүлчийн эзэн хаан, Халхын бурхны шашны тэргүүн VIII Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу (1869-1924)-ийн төрсөн дүү юм.
Тэрбээр 1872 онд Цаст Төвөдийн Шолао хэмээх газар, түшмэл Гончигцэрэнгийн гэр бүлд мэндэлсэн.
3. Халх Монголын бурхны шашны тэргүүн Жавзандамба хутагтын хувилгаанаар тодорсон ах болон эцэг Гончигцэрэн, эх Ойдовдулам, ах Бадамцэрэн, Лувсанвандан, Лувсаншарав нарын хамт 1874 оны намар Монголд оронд иржээ.
Эцэг Гончигцэрэн нь 1877 онд, эх Ойдовдулам нь 1886 онд өвчнөөр насан эцэслэсэн байна. Ах Бадамцэрэн нь 1887 онд гүнгийн, 1898 онд бэйсийн зэрэг, 1899 онд хоёр нүдний тогосны отго тус тус хүртсэн төрийн хар хүн байсан бол ах Лувсанвандан, Лувсаншарав, дүү Лувсанхайдав нар нь буяны мөр хөөсөн хувраг хүмүүс байжээ. Ах Лувсанвандан 1912 онд, ах Лувсаншарав 1913 онд жанч халжээ.
4. Хоёрхон настайдаа Монголд ирсэн учир бага балчир байхаасаа монгол соёл, ахуй амьдралд өсөн бойжжээ. Тиймээс ч тухайн үед Монгол оронд ирсэн хүмүүс түүнийг “сайхан монгол бор эр” хэмээн тэмдэглэсэн нь бий.
VIII Жавзандамба хутагт түүнд 1908 онд “Тунгалаг бишрэлт” цол, 1911 онд улбар шар жолоо, 1912 онд гүтэмбийн өргөмжлөлийн тамга, хойч өдөр үе дараалан тодрох хувилгаан, 1914 онд хутагт цол, хутагтын тамга, 1915 онд улбар шар тор, Найчүн сахиусны шашны тамга, шүхэр, барсын сүүл, Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн лам хуврагуудыг захирах тамга зэргийг тус тус шагнан хүртээсэн байна.
Түүний эрдэм чадал, нэр хүнд нэмэгдэхийн хэрээр Халхын зарим язгууртнууд өөрсдийн харьяат ардаас шавь болгож, мал сүрэг өргөж байсны зэрэгцээ Хаант Орос Улсын харьяат зарим буриадууд монгол Улсын бүх цэргийг захируулах санал гаргаж байв.
5. ХАМБА НОМУН ХАН БАЛДАНЧОЙМБИЛ
Хамба номун хан Балданчоймбил 1821, 1822 оны үед Төвөд оронд мэндэлжээ. VII Богд Жавзандамба хутагт Агваанчойживанчигпринлэйжамц (1850-1867)- ын Жавтуй (ариутгал ухиалын) багш болон Төвөд орноос иржээ. 1862 онд Их Хүрээний дэд хамбын тушаалд томилсон байна.
VIII Богд Жавзандамба хутагтын хувилгааныг тодруулан залахад голлох үүрэг гүйцэтгэсний учир “Төрөлх нэвтэрхий” цол шагнасан байдаг. Улмаар VIII Богд Жавзандамба хутагтын Ёнзон (багш) болов. 1865 онд Их Хүрээний Хамба номун ханы тушаалд томилогдон 3 жил уг тушаалыг хашсан.
Тэрбээр Лувсанхайдавт номыг тэтгэгч сахиус оршоон буулгах билиг шинж буйг танин барьж, 1883-1884 оны үед VIII Жавзандамба хутагттай зөвшилцөж, Монголын бурхны шашныг хамгаалуулах зорилгоор догшин сахиус оршоосон чойжин болгохоор Төвөд орноос сэтэв сахиусны өмнөөс буудаг гүтэнбэ* ламыг урин ирүүлж, Лувсанхайдавт догшин сахиус оршоон буулгах эрдэм ухаан заан сургаж гүдэнба лам болоход үлэмж нөлөөлжээ. /1/
1899 онд жанч халсан бөгөөд VIII Богд Жавзандамба хутагтын лүндэнгээр шарилыг нь занданшуулан залсан байна. /2/
*Гүртэнбэ – (тө: sku rten-pa) Лагшингийн шүтээн хэмээх төвөд үг. Сахиус орших суурь буюу шүтээн бие болдог гэх үүднээс ийн нэрийддэг. Монгол хэлний эгшиг зохицох ёс болон монгол бичгээр ялимгүй өөр бичсэнээс үүдэн судлаачид гүртэнбэ, гүтэнбэ, гүртэмбэ, гүтэмбэ гэх мэтээр бичих нь бий.
6. Сэтэв сахиусны өмнөөс буух нэгэн гүртэнбэ ламтан Халхад ирсэн тухай баримт Монгол Улсын Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.
“Хэдийгээр эл бичигт Лувсанхайдавт сахиус буулгах арга ухааныг заан сургасан гэж бичээгүй боловч Сэтэв чойжин VIII Жабзандамба хутагтын лүндэнгээр Их Хүрээнд ирж хэдэн жил суусан гэж тов тодорхой өгүүлснээс энэхүү ламтан нь дээр өгүүлсэн Лувсанхайдавт сахиус буулгах эрдэм ухааныг зааж сургахаар уригдсан Сэтэв сахиусны өмнөөс буудаг гүртэнбэ ламтан мөн” /1/ хэмээн судлаачид үзсэн байдаг.
7. Лувсанхайдав сахиус оршоон буулгах дасгал сургуулилтаа эхлээд том эсгий гэрт хийж байгаад дараа нь Хүрээний Дашдандарлин* аймгийн дуганы дэргэд жижиг модон сүм барьж сахиусаа залдаг байсан учир Чойжин ламтан энэ аймагтай байнгын дотно холбоотой байсан хэмээдэг. Энэ нь ч үнэн байх магадтай юм. Учир нь Бадаргуулт төрийн 29 (1903)-р онд Дашдандарлин аймгийн тэргүүн лам, гэсгүй, зайсан, мэдээчин нар зөвшилцөн “Хүрээний Чойжин хамба бламтаныг аймгийн хуралд морилж хурахад хурлын мэдээг айлтгаж бараалхуул. Гэбхүй**, дуганчийн*** хамт бараа болж ирээд үүдэнд улаан эсгий дэвсэж овоодойг гэбхүй аваад човомбад**** өгч суух олбог түшлэгийг дэргэдэх ширээн дээр чонбомбаар тавиулж буцаж морилоход гэбхүй нараас бараа болж хүргэмүй” гэсэн Чойжин лам Лувсанхайдавыг тус аймгийн хурал номд оролцохоор ирэхэд тусгайлан хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, үдэх тухай журам гаргаж байснаас хутагт Лувсанхайдав болон Дашдандарлин аймгийн харилцаа холбооны тухай мэдэж болох мэт. /2/
* Дашдандарлин - (тө: bKra shis bstan dar gling) “Өлзий хутгийн шашныг дэлгэрүүлэгч сүм” хэмээх утгатай үг. Тус аймгийн гол Ядам нь Махамаяа, сахиус нь Жамсран. 1938 оны үед 115 ламтай байсан бөгөөд уг онд үйл ажиллагаа нь хаагдсан Хүрээний 30 аймгийн нэг.
** Гэбхүй - Гэсгүй лам буюу хурал номын үеэр дэг журам сахиулагч хувраг
*** Дуганч - Дуганы ажил хэргийг зохион байгуулагч хувраг
**** Човонба - Балин тахилыг хариуцан үйлдэгч хувраг
8. Монгол улсын эзэн хаан VIII Жавзандамба хутагт Олноо өргөгдсөний 5 (1915)-р онд Лувсанхайдавт Найчүн сахиусны тухай шашны тамга, шүхэр, барсын сүүл шагнасан тухай зарлиг буулгасан байдаг.
Тус зарлигт “шашин, төрийг үүрд сахиулах” хэмээн тухайлан тодруулан дурдсан нь түүнийг “ТӨРИЙН САХИУСНЫ ГҮРТЭНБЭ” буюу Монголын төрийн чойжин байсныг харуулж байна.
9. Хөхөгчин туулай жилийн 12 сарын 15-ны өдөр буюу 1916 оны 02 сарын 04-ний өдөр Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын номыг тэтгэгч Найчүн сахиус буюу Дорждагдэн (Цагаан гэрэл төгөлдөр) сахиусыг оршоон буулгахад айлтгасан айлтгал, буулгасан зарлиг айлдвар.
Энэхүү айлтгал, зарлиг айлдвар өдгөө Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн “Бурхны сан хөмрөг”-т хадгалагдаж байна.
Энэхүү зарлигийн тухайд 2015 онд Гандантэгчинлин хийдийн гавж Н.Нанзаддорж Чойжин ламын сүм музейн зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлдээ тодорхой сайхан тайлбарласан байдаг.
10. Олноо өргөгдсөний 2 (1912)-р оны зуны сүүл сарын 24-нд VIII Жавзандамба хутагт Богд хаан Лувсанхайдавт гүртэнбийн тамга олгож, хойч өдөр хувилгааныг үүрд залгамжлуулах зарлиг буулгажээ.
Чингэж түүнийг Нийслэл Хүрээний голын Чойжин сахиусны гүртэнбэ буюу Төрийн чойжин сахиусны гүртэнбэ гэдгийг албан ёсоор баталгаажуулж өргөмжлөлийн тамга олгосны зэрэгцээ хойч өдөр хувилгаан дүрийг тодруулахаар болгосон байна.
Үүнээс өмнө түүнийг Чойжин сахиусны гүртэнбэ гэдгийг батлах өргөмжлөлийн тамга олгох эрх VIII Жавзандамба хутагтад байсангүй. Учир нь Манжийн эрхшээлийн үед засаг ноёд, хутагтуудад тамгыг зөвхөн Манжийн эзэн хаан олгодог байв.
1911 онд Монголчууд туурга тусгаар улс болж, VIII Жавзандамба хутагтыг хаан ширээнд залснаар хаантан тамга шагнах эрхтэй болсон юм.
11. Эл тамга өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалагдаж байна.
12. Нийслэл Хүрээний голын Чойжин сахиусны гүдэнбийн тамга шагнаснаас хоёр жилийн дараа буюу Олноо өргөгдсөний 4 (1914)-р оны намрын тэргүүн сарын шинийн 9-нд чойжин лам Лувсанхайдавт үе улиран хутагтын тамга шагнах тухай зарлигийг Богд хаан буулгаснаар Чойжин ламтан ҮЕ УЛИРАН ТОДРОХ ХУТАГТ БОЛЖ, ХУТАГТЫН ТАМГА хүртжээ.
13. Олноо өргөгдсөний 8-р оны хоёрдугаар сарын 16 буюу аргын тооллын 1918 оны гуравдугаар сарын 28-ны өглөө хутагт Лувсанхайдавт ухаан балартах өвчин тохиолдож, эм гүрмээр засуулсан боловч эс илааршин луу цагт жанч халсан билээ.
Хутагт Лувсанхайдав бээр гүртэнбийн өргөмжлөлийн, Найчүн сахиусны, хутагтын, харьяат сүмийн хувраг тушаалтныг захирах тамга барьсан хутагт байлаа. Өөрөөр хэлбэл, одоогоор мэдэгдэж байгаагаар Халхад дөрвөн тамга зэрэг барьсан цөөн тооны хутагтын нэг байв.
Эндээс үзэхэд тэрбээр XIX зууны сүүлч ХХ зууны эхэн үеийн Монголын төр, шашин, соёлын нэгэн их зүтгэлтэн, Монголын шашны түүхэн дэх өдгөө мэдэгдэж буй цорын ганц “Төрийн их гүртэнбэ”, хутагт, сахиус буулгадаг “Чойжин лам” болж явсан нэгэн сонирхолтой намтрын эзэн байжээ.
14. “МОНГОЛ ТӨРИЙН ЧОЙЖИН ЭРДЭНЭ БИЛИГТ ТУНГАЛАГ БИШРЭЛТ ХУТАГТ ЛУВСАНХАЙДАВ” цахим үзэсгэлэнгийн тайлбар, гэрэл зураг, архивын баримтуудыг Чойжин ламын сүм музейгээс эрхлэн хэвлүүлсэн доорх судалгааны бүтээлүүдээс авсан болно.
/1/ З.Нинжбадгар, Д.Отгонсүрэн, Монгол төрийн Чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо. УБ. 2019 он
/2/ З.Нинжбадгар, Н.Амгалан, Монголын сүм хийд-XX зууны эхэн, УБ. 2019 он
/3/ Н.Нанзаддорж. Богд Хаант Монгол Улсын Төрийн их чойжингийн нэгэн лүндэн, Чойжин ламын сүм музей Монголын түүх, шашин, соёл, урлагийн судлагдахуун болох нь. // Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл. УБ. 2015 он
/4/ З.Нинжбадгар, Монгол төрийн сахиусны өргөө-110 жил, УБ. 2018 он
/5/ З.Нинжбадгар, Х.Мэндсайхан, Баримтын эмхэтгэл-1900-2016, УБ. 2016 он