image
clock
2023-04-05
ШҮТЭЭН ЗУРАГ

1. “ШҮТЭЭН ЗУРАГ” ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН

Монгол Улсын Соёлын яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Чойжин ламын сүм музей нь монгол, англитайлбар бүхий “ШҮТЭЭН ЗУРАГ” цахим үзэсгэлэнг Та бүхэнд өргөн барьж байна.Монгол төрийн сахиусны орд өргөө Чойжин ламын сүм музей нь урлахуй ухаанысор болсон шүтээн зургийн үзэсгэлэнт нэгэн чуулган юм. Энэхүү цахим үзэсгэлэндмонгол урчуудын билиг оюуны шим, гарын ураар бурхан дүрслэлийн тигийн дагуубүтээгдэж, Монгол Улсын төрийн сахиусны гүдэн, Эрдэнэ билигт, Тунгалаг бишрэлтхутагт Лувсанхайдавын адистид оршсон танка зураг, зээгт наамал, уран хатгамалбүтээлүүд багтсан юм.

2. ТОРГОН ЗУРАГ

Торгон зураг буюу зээгт наамал нь торго, хоргойг наах, зээглэх, хатгах зэрэг гар оёдлын аргаар урлаж, алт мөнгө тэргүүтэн элдэв зүйл үнэт эрдэнэсээр чимэглэдэг Монголчуудын өнө эртнээс уламжлалтай язгуур урлалын нэгэн төрөл мөн. Зээгт наамлын бүтээлүүд нь нүүдэл хийн зөөж, тээвэрлэхэд тохиромжтой, зай бага эзэлдэг, уран зураг шиг сэвтэж өнгө будаг нь ховхордоггүй зэрэг нүүдлийн соёлын хэв шинжийг өөртөө агуулсан байдаг.

Нүүдэлчдийн ахуй амьдралтай нөхцөлдөн үүсэн зээгт наамлын урлал улам төгөлдөржин хөгжсөөр XIX зууны сүүлч ХХ зууны эхээр Бурхан шүтээний зургийн урлалтай өрсөлдөж, улмаар зарим талаараа ноёлох шинжтэй болжээ. Учир нь зээгт наамлын аргаар урласан бурхны зохиомж дүрслэл, өнгө зохилдлого, зураас гэхчлэн бүх талаараа уран зурагтай адил мэт боловч урлаачид үндсэн зургаа гаргасны дараа будахын оронд торго, хоргойг өнгө зохицуулан нааж, алт мөнгөний өнгө бүхий саан утсаар зээглэж, улмаар шүр, сувд, оюу зэрэг эрдэнийн чулууг шигтгэн урлагийн өндөр түвшинд хатгаж урладаг тул будгаар ялгасан зургаас олон талаар илүү баян тансаг, өнгөлөг бөгөөд эдлэг болдог байна.

Чойжин ламын сүм музейд Монголын шүтээний урлахуй ухааны нэгэн дэг сургууль болох Их хүрээний сургуулийн даамал (удирдан гүйцэтгүүлэгч) Андуу нарын аймгийн зураач З.Хасгомбо, Тавхайбор, Тамжав нарын удирдлага дор Богдын хүрээний урчуудын бүтээн урласан "Тийн ялгуусан үснэрт эх", "Хир үгүй эрдэнийн гэрэлт", "Цаглашгүй гэрэлт бурхны орон", "Цогт охин тэнгэрийн хангагч эрдэнэ" гэх зэрэг дүрслэл, өнгө зохицол, зохиомжийн хувьд сонгодог гэж нэрлэгдэх бүтээлүүд хадгалагдаж байна. Эдгээрээс гадна ХХ зууны үед хамаарагдах нэрт хатгамалч Аюушийн самбай хадагны утсаар задгай утсан хатгамлын аргаар урласан "Оточ найман манал" хэмээх бүтээл бол ур хийцийн хувьд нарийн нандин, Монголд төдийгүй дэлхийд ховор "Үнэт эрдэнэ" мэт бүтээлүүдийн нэг юм.

 

3. ОЧИРДАРЬ

Санскрит: Важрадара

Төвөд: Очирдарь

 

XIX зуун

Торго, торгон утас

261x171 см

З.42.16

Монголчуудын оройн дээд шүтээн Очирдара бурхны сүр жавхлант дүрийг өнгийн торгоор уран хатгамлын аргаар төгс зохилдонгуй бүтээсэн нь уламжлалт зээгт наамал урлалын нэгэн сор мөн.

Номын эрхэм Очирдара бурхан нь Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын оройн дээд шүтээн байсан гэдэг.

4. ТИЙН ЯЛГУУЛСАН ҮСНЭРТ ЭХ

Санскрит: Ушнишавижаяа

Төвөд: Зүгдорнамжалма

XIX зуун

Торго, торгон утас

102.5x156.5 см

З.42.18

Жүгдэрнамжилмаа, Цагаан Дара Эх, Аюуш бурхныг хамтад нь насны гурван бурхан хэмээдэг.Жүгдэрнамжилаа бурхан элдэв өвчин зовлонгоос аварч, насан хутаг хийгээд амгалан жаргаланг хайрлагч жажүд ёсны (үйлийн дандарын) нэгэн чухаг ядам шүтээн юм.

XIX зууны үеийн энэхүү торгон зургийг зөөлөн, тунгалаг өнгөт торго, бөсийн өнгийг зохицолдуулан хослуулж, алтан өнгийн утсаар уран нарийн хүрээлж зээглэн урлажээ.

 

5. ХИР ҮГҮЙ ЭРДЭНИЙН ГЭРЭЛТ

Санскрит: Нирмала Радна

Төвөд: Норовдимамэд

XIX зуун

Торго, торгон утас

322x204 см

З.42.17

Хамаг амьтны өнгөрсөн, одоо, ирээдүйн хүслийг хангагч, билиг ухаан, эрдэм номоор тэтгэгч Норовдимамэд бурхны зээгт наамал дүр нь монголын бурхан урлалын төрөлд маш ховор дүр юм.

Норовдимамэд бурхныг монгол хэлээр “Хир үгүй эрдэнийн гэрэлт” хэмээнэ.

 

6. ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ БУРХНЫ ОРОН

Төвөд: Одбагмэджи шингод

Урлаач Хасгомбо

XIX зуун

Торго, торгон утас, хорхой сувд, шүр

180x117 см

Г.42.154

Цаглашгүй гэрэлт бурхны ариун орныг Энхжингийн орон хэмээмүй. Энхжингийн орон нь ертөнцийн баруун зүгт орших ба тэр оронд одогсод нь бадам цэцгээс дэлгэрч төрөл авах агаад төрсөн даруйдаа бурхны айлдвар сонсож, дурдах хийгээд бясалгах зэргээр ном эрдмийг ямар ч саад тотгоргүйгээр бүтээдэг гэдэг.

Энэ нь тус зээгт наамлын урлаачид Авид бурхны орныг хөгжил хөдөлгөөн, өрнөл дэвшилтэй нь бүтээснийг илтгэж байна. 

 

7. ОТОЧ НАЙМАН БУРХАН

Төвөд: Манла дэшэг жад

Уран хатгамалч Аюуш

XIX зуун

Торго, торгон утас

120x90 см

Г.42.133

Уран хатгамалч Аюуш нь Оточ бурхдыг урлахдаа гурав гурваар нь үечлэн гурван эгнээ болгож, хөвсгөр цагаан үүлсээр хүрээлүүлэн ус, ургамал мод жигдэрсэн уулсын дунд ижил хэмжээтэй, амарлингуй дүртэй, номт хувцас асааж бадам цэцгийн мандалд очир суудлаар залран буйгаар дүрслэн бүтээжээ.

Авид бурхан (дээд эгнээний төвд), Бурхан багш (доод эгнээний төвд) ба бусад Оточ долоон бурхан бол эм заслын чанад дээд эх үндэс мөн. Эд бүгдээр бодисадва байх үеэсээ л цөвүүн цагт хамаг амьтны түрхэн зуурын хийгээд үнэмлэхүй амгаланг бүтээхийн төлөө ерөөл тавьж бурхны хутгийг олсон төрөлхтнүүд юм.

Энэхүү бүтээл нь монгол урлаачийн авьяас билиг, уран гар, ур чадварын гайхамшгийг илтгэх төдийгүй хүрээ сургуулийн хосгүй их эрдмийг төгс харуулж чадсан уран нарийн хийцтэй урлагийн дахин давтагдашгүй ховор нандин бүтээл юм.

 

8. ТАНКА

Дэлхий дахинаа “Танка” хэмээн алдаршсан урлахуй ухааны нэгэн төрлийг монголчууд “Шүтээн зураг” хэмээн нэрлэдэг. Монголд шүтээн зургийн урлал нь XVIII зууны сүүл үеэс түлхүү хөгжиж эхэлсэн бөгөөд XX зууны эхэн үе гэхэд дүрслэл, илэрхийлэл, гүйцэтгэлийн өндөр

хөгжилд хүрчээ.

Монголын урлахуй ухааны мэргэд эртний Энэтхэгийн “Гандхарын сургууль”-ийн дэг, урлахуйн онолыг Монгол зургийн ёс уламжлалд тулгуурлан хөгжүүлж ирсэн түүхтэй.

Монголын алдар цуутай урчууд гол төлөв Хүрээний 30 аймагт төвлөрч, бурхны шашны

урлахуй ухааныг хөгжүүлэн бурхад, бодисадва, арван хангал, дара эх, хот мандал, хангагч

эрдэнэ тэргүүтнийг урлахуйн дэг, утга бэлгэдэл, өнгө будгийн нарийн зохироонд нагтан,

мартан, гартан, сэртэн зэрэг дүрслэл, илэрхийллийн олон аргаар том, бага хэмжээтэй бүтээн туурвиж ирсэн нь нэн олон.

Эдгээр монголчуудын урлахуйн ухааны охь болсон бүтээлүүдийн ихэнх нь эдүгээ бидний үед уламжлагдан ирсэн билээ. Шүтээн зураг урлаачид нь урлахуйн ухаанд мэргэшиж, бүтээх гэж буй бурхдынхаа эрх авшгийг хүртдэг ёстой. Шүтээн зургийг бүтээхдээ эхлээд зотон даавуун дээр шохой архи хольсон шингэнээр суурь тавина. Үүний дараа даавуун дээр тавьсан сууриа мөлгөр чулуугаар өө сэвгүй болтол нь үрж өнгөлөөд модны нүүрсээр тухайн бурхны тиг хэмжээг гаргадаг. Шүтээний дүрийг бүтээхдээ байгалийн нарийн ширхэг бүхий зосыг өөрсдөө боловсруулан ашигладаг байв. Тухайн бүтээлийг улам гоёмсог нандин болгохын тухайтад есөн эрдэнэ, цэвэр алтыг нунтаглан цавуутай хольж хэрэглэдэг байжээ. Ийнхүү шүтээн зургийг бүтээсний дараа торгоор хүрээлж, машид оршоон амилуулна.

Шүтээн зурагт бурхдын хөргөөс гадна монголчуудын ахуй ёс заншил, уламжлал, хүмүүжлийн дэг ёсыг ч маш тодорхой дүрслэн илэрхийлдэг юм.

 

9. ОЧИРТ АЮУЛГАН ҮЙЛДЭГЧ

Санскрит: Ямантака

Төвөд: Доржэ Жигжэд

Гэлэн Балжинням

XIX-XX зуун

Торго, даавуу, шороон будаг

117x92 см

Г.42.113

Буяны ёст шашны очирт хөлгөн, нууц дандарын ёсны машид эрхэм гурвын нэг болох Ямандаг нь бясалган бүтээгчийн бие, хэл хийгээд сэтгэлийн үл зохилдох саад бүхнийг арилгагч ядам юм. Хэдийгээр тэрээр асар хилэнт дүртэй боловч төгс гэгээрсэн бурхан аж. Бурхны шашны сургаал ёсоор билиг билгүүний мөн чанар болсон Манзушри бодисадва бээр нэгэн ахуй үест орон улсыг машид сүйтгэж асан Үхлийн эзнийг дарахын тухайд аймшигт бухын тэргүүн бүхий дүрд хувирсан гэдэг. Энэ учир шалтгаанаар түүний алдар нь Ямандаг буюу “Үхлийг аюулган үйлдэгч” хэмээн даяарт дуурссан ажээ.

Энэхүү шүтээн зургийг Монгол төрийн их чойжин, Эрдэнэ билигт, Тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдав (1872-1918) тусгайлан бүтээлгэж, тахиж байжээ. Гол Ямандаг бурхныг тод үндсэн өнгөөр, түүнийг тойрсон бусад нөхөд сэлтийг болон дэвсгэр хэсгийг зөөлөн өнгөөр шийдэж, бурхан дүрслэлийн тигийг хатуу баримтлан бүтээсэн монгол шүтээн зургийн сонгодог төлөөлөл юм.

 

10. МУТАРТАА ОЧИРТ

Санскрит: Важрапани

Төвөд: Чагна доржэ

Гэлэн Балжинням

XIX-XX зуун

Торго, даавуу, шороон будаг

117x92 см

Г.42.114

Мутартаа Очирт хэмээх энэхүү бүтээлийг Монгол төрийн сахиусны орон болсон “Өршөөлийг хөгжүүлэгч сүм”-д тусгайлан зориулж Балжинням гэлэн бээр монгол шүтээн зургийн сонгодог аргаар урлан бүтээжээ.

Очирваань бурхныг монголчууд эрт цагаас Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг ивээн даах учрал ерөөлт “Нууцын эзэн Очир баригч” хэмээн шүтэж ирсэн уламжлалтай. Тиймээс ч “Их Очирваань”-ийг 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүтээлгэн төрийн шүтээн болгож хүндэтгэлтэйгээр залах ёслол үйлдсэн байдаг.

 

11. ЗУРГААН МУТАРТ ИХ ХАР ИТГЭЛТ

Төвөд: Гонбо чаг дүгба

Гэлэн Балжинням

XIX-XX зуун

Торго, даавуу, шороон будаг

117x92 см

Г.42.115

Монголын шүтээн зураг урлаачдын нэгэн шилдэг төлөөлөгч Балжинням гэлэнгийн энэхүү бүтээл бол XIX-XX зууны үеийн Монгол шүтээн зураг урлалын нэгэн сор юм. Энэрэл нигүүлслийн мөн чанар болсон Жанрайсиг бодисадвагийн догшин дүр хэмээгдэх Гомбо (Махгал) бол Очирт хөлгөний ёсны хамгаас чухаг ядам бурхдын нэг, энэ ертөнцөөс гэтэлсэн номын сахиус агаад Монгол орноо хамгийн өргөн дэлгэр шүтээнүүдийн нэг билээ. Тухайлбал, Гомбо нь монгол хаадын шүтээн байсан тул Юань улсын үед түүнийг Монгол, Хятад, Төвөд даяараа нийтлэг шүтэж байсан байдаг. Өдгөө ч энэ бурхны тахилга ном үйлддэггүй сүм хийд гэж Монголд бараг үгүй.

 

12. ЦАГААН ИТГЭЛТ

Санскрит: Shadbhuja Sita Mahākāla

Төвөд: Гонгар

Гэлэн Балжинням

XIX-XX зуун

Торго, даавуу, шороон будаг

117x92 см

Г.42.116

Гонгор (Цагаан Махгал) бол Зургаан мутарт их хар итгэлт буюу Гомбо сахиусны эд баялгийн мөн чанар юм. Тэрбээр үйлийн дандарын бурхан бөгөөд ном бүтээлийн ёс нь Юань улсын үеэс монгол даяар өргөн дэлгэр болжээ. Гомбо сахиусны нэг адилаар тэрээр бас энэрэл нигүүлслийн бурхан Жанрайсигийн хувилгаан гэдэг.

Энэхүү бүтээлийн бүхэл утга бэлгэдэл нь энэрэл нигүүлслээр эрхэнд хурааж, амьтны хүслийг бүтээгч хэмээх болно. Тиймээс монголын их хаад түүнийг эрх мэдэл, эд баялгийн эзэн хэмээн шүтдэг байжээ.

 

 

 

 

13. ДӨРВӨН НИГУУРТ ГОМБО

Төвөд: Гонбо Шалшиба

Гэлэн Балжинням

XIX-XX зуун

Торго, даавуу, шороон будаг

117x92 см

Г.42.119

Дөрвөн Нигуурт Гомбо бурхны нэрийг төвөдөөр “Шал-ши” гэх бөгөөд энэ нь “Дөрвөн нүүрт” гэсэн утгатай юм. Дөрвөн нигуурт Гомбо нь Нууцын хураангуйн үндэс, дандарын ёсны ядам бурхан, “шашин номын сахиус” юм. Дайсны хүч чадлыг булаагч Шалши нь нууц утгадаа Гомбо бурхантай нэгэн мөн чанартай хэмээн үздэг. Дөрвөн нигуурт Гомбо бурхны шид бүтээлийн, үйлс зохионгуйн, дөрвөн язгуурын, Чөтгөр тэргүүнт гэх тэргүүтэн тус бүрдээ харилцан адилгүй ялимгүй өөр өөр өнгө төрх, бэлгэдэл бүхий олон дүр байдаг юм. Монголын нэрт шүтээн урлаач Балжинням гэлэнгийн энэхүү бүтээл бол шид бүтээлийн Дөрвөн нигуурт Гомбо мөн.

 

14. ТИЙН СОНСОГЧИЙН ХӨВГҮҮН

Төвөд: Намтойсрай

Гэлэн Балжинням

XIX-XX зуун

Торго, даавуу, шороон будаг

117x92 см

Г.42.120

Тийн сонсогчийн хөвгүүн бол ягшас нарын төдийгүй дөрвөн Махаранзын нэг бөгөөд ертөнцийн хойд зүгийг сахигч их хаан мөн. Эдгээр дөрвөн хаад бол өдгөө мэдэгдэж буй Бурхны шашин номын хамгийн эртний сахиуснууд юм. Тиймээс ч бурхны шашны сүм хийдүүд эдгээр дөрвийн дүрийг үүдэндээ бүтээдэг өнө эртний уламжлал бий. Тэрбээр бас эд баялгийн бурхан гэдгээрээ машид алдартай.

 

15. УЛААН САХИУС

Төвөд: Жамсрин

Гэлэн Балжинням

XIX-XX зуун

Торго, даавуу, шороон будаг

117x92 см

Г.42.121

Ерөнхийдөө, Улаан сахиус ба түүний эхнэр, хүүг дотоод 8, гадаад 21, нийт 29 хутга эргүүлэгч яргачин нөхөр сэлт хүрээлдэг билээ. Харин Балжинням гэлэнгийн энэ бүтээлд тэднийг 8 хутга эргүүлэгч нөхөд сэлтийн хамтаар урласан байна. Тэд бүгдээр улаан лагшин, нэгэн тэргүүн, яргачны хутга барьсан хоёр мутартай, үхдэл хүүрийн дээр сууцгааж, махыг нь хэрчиж ясыг нь үйчүүлээд түмэн завгүй дүр байдалтай. Тэдний дөрөв нь бүтээлийн дээд хэсэгт, Авид бурхны хоёр хажуугаар үүлэн дээр, үлдсэн дөрөв нь доод хэсэгт цусан далай дээр, бадарсан галын төвд зэргэмчлэн орших ажээ.

Энэ их сахиусыг монголчууд “Улаан сахиус” гэх бөгөөтөл төвөдүүд түүнийг “эгч дүүс” гэх утга бүхий “Жамсран” гэдэг нэрээр нэрийднэ. Энэ нь түүний эхнэрийнхээ хамтаар хоёр зэс өндөгнөөс хагаран гарч ирсэн намтар түүхээс үүдсэн нь лавтай хэрэг биз ээ.

 

16. ЛХАЧЭН ЦАМБАГАРАВ

Төвөд: Лхачэн Цанбогарбо

Гэлэн Балжинням

XIX-XX зуун

Торго, даавуу, шороон будаг

117x92 см

Г.42.122

Цамбагарав бол Махгал, Бэхар хэмээх номын сахиуснуудын хувилгаан гэгддэг догшин дүрт ертөнцийн сахиус юм. Хэдийгээр Энэтхэгийн Брахма тэнгэрийг төвөд хэлээр “Цан-ба” гэдэг боловч энэхүү Цамбагарав бол анх цастын оронд шашин ном дэлгэрүүлэх зорилгоор Ловон Бадамжунай бээр номхотгож арван хангалын нэг болгосон Төвөд нутгийн тэнгэр ажээ.

 

17. ЦАГААН ШҮХЭРТ

Санскрит: Үшниша Ситатапатра

Төвөд: Зүгдор дуггар

XIX зуун

Торго, даавуу, шороон будаг

312x195 см

Г.42.141

Цагаан шүхэрт бол бурхны шашны нэгэн чухал эх бурхан бөгөөд бясалгал бүтээл нь үйлийн дандарын ёсонд хамаардаг юм. Бурхан багшийн оройн үснэрээс гарсан гэх тул түүнийг заримдаа “Үшниша Ситатапатра-Үснэрийн цагаан шүхэрт” хэмээн нэрийднэ. Цагаан шүхэртийг бүтээх олон янзын дүр байдаг ч мянган тэргүүн, мянган мутар, мянган өлмийтэй, тэргүүн тус бүр гурван мэлмийтэй, мутар хийгээд өлмий тус бүр нэг мэлмийтэй тус дүр хамгийн өргөн дэлгэр байдаг байна.

 

18. ЦАГААН ШҮХЭРТ БУРХНЫ ХОТ МАНДАЛ

Санскрит: Үшниша Ситатапатра мандала

Төвөд: Зүгдор дуггар жилхор

XIX зуун

Торго, даавуу, шороон будаг

310x200 см

Г.42.143

Цагаан шүхэртийн хот мандал нь бусад бурхдын хот мандлын адилаар төв дугуй хэсэгтээ найман дэлбээт цэцэгтэй, дөрвөн үндсэн зүг тус бүртээ машид үзэсгэлэнтэй байгуулсан хөх, шар, улаан хийгээд ногоон өнгөт үүд бүхий орд харштай ажээ.

Бүтээлийн доод биед Эрлэг номун хаан, Гурван Махгал ах дүүс, Зургаан мутарт Махгал, тэргүүтэн хүчирхэг сахиуснуудыг элдэв өнгөт бадам цэцгийн дэлбээт мандалд билиг билгүүний галын дунд бадруулан зурж, өмнө нь тус тусын зохилдох тахилыг өргөсөн ажээ. Зүлэгт ногоон газар орны дүр байдлыг хөх нуур, гол мөрөн, элдэв эрдэнэс, жимст модод, буга тэргүүтэн бэлчигч ан амьтад, үүлс лүгээ бүжих мэт цагаан цасан малгайт өндөр уулсаар чимэглэн маш уран гоёмсог бүтээжээ.

 

19. БОГД ЛАМ ЗОНХОВ

Төвөд: Жэ Зонхабо Лувсандагба

XIX зуун

Торго, даавуу, шороон будаг

82x56см

Г.42.155

Богд Зонхов Лувсандагва (1357-1419) бол Төвөдийн бурхны шашны гэлүгва ёсыг үндэслэгч юм. Тэрбээр төв Төвөдийн нутагт Гандан хийдийг байгуулсан нь энэ ёсны гол суурь болжээ. Богд Зонховоос эхлээд Гандан хийдийн ширээт лам (Гандантива) нар нь гэлүгва ёсны тэргүүн болж иржээ. Тийм учраас, энэхүү бүтээлд сүм хийдийн барилга байгууламжууд, ном номлох, хэлэлцэх, туурвих зэрэг номын үйлсийг зохиогч лам хуврагуудын дүрийг Богд Зонховын намтрын гол чухал хэсгүүд болгон дүрсэлсэн байна.

20. ЦЭЦЭГНЭЭС МЭНДЛЭГЧ ХӨВГҮҮН

Санскрит: Гүрү Бадмасамбава

Төвөд: Лобон Бадмажунай

XIX зуун

Даавуу, шороон будаг

95x135 см

З.42.1

Анх Монгол төрийн сахиусны гүртэнбийн суурь орон байсан тул Чойжин ламын сүм музейд номын сахиуснуудын олон тооны шүтээн зураг, баримал дүрүүд бий. Номын сахиусны номын зан үйлтэй холбоотойгоор тэдний ихэнхийг номхотгож, ам тангараг өргүүлэн номын сахиус болгосон Бадамжунайн дүрүүд ч олон байдаг юм. Энэхүү шүтээн зураг бол тэдгээрийн нэг нь билээ.

Ловон Бадамжунайн өмнө найман хигээст номын хүрдэн, очир, хонх, дамар, эрдэнийн бумба, лавай, шүр эрдэнэ болон өд залсан хос ваар тэргүүтэн бүхий ширээ байх амуй. Тэдгээр нь номын эрх авшиг хайрлах үеийг илтгэх мэт.

21. ЦАГААН ДАРА ЭХ

Санскрит: Сита Тара

Төвөд: Долгар

XIX зуун

Даавуу, шороон будаг

93x126 см

З.42.6

Энэхүү шүтээн зурагт Аюуш бурхан, Ялгуусан Үснэрт Эх нарын хамтаар насны

гурван тэнгэрийг бүрэлдүүлдэг Цагаан Дара

Эх бурханыг өөрийнх нь 1000 хувилгаан дүрээр хүрээлүүлэн бүтээжээ.