
Чойжин ламын сүм музей Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны "Санамж бичиг"-ийн хүрээнд соёлын өвийг олон нийтэд таниулах, музейн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Чойжин ламын сүм музейд сайн дурын ажилтан, цагийн ажилтан бэлтгэх” 4 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад нийгмийн ажлын, аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй 30 оюутан сонгогдон хамрагдаж, сургалтын хугацаанд музейн үйл ажиллагаа, үзмэр тайлбарлах ур чадвар, зочин хүлээн авах үйлчилгээний соёл, соёлын өвийн боловсролын талаарх мэдээлэл, мэдлэг авч, практик орчинд ажиллах байна. Оюутнууд сургалтын дараах сорилд хамрагдаж, тэнцсэнээр музейд сайн дурын болон цагийн ажилтнаар ажиллах боломж бүрдэх юм.
Оюутнууддаа амжилт хүсье.