
























ЧОЙЖИН ФЕСТИВАЛЬ–2026 хүрээнд Үндэсний их баяр наадамд зориулсан “ХҮРЭЭ ЦАМ–108 ДАХИН СЭРГЭСЭН НЬ” үзэсгэлэн, “АЯСАХУЙ” тоглолт амжилттай зохион байгуулагдлаа.
2026 оны 8-р сарын 6
2026 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чойжин Ламын Сүм Музейд “ЧОЙЖИН ФЕСТИВАЛЬ–2026” Үндэсний их баяр наадамд зориулсан тусгай хөтөлбөр амжилттай зохион байгуулагдаж, иргэд, жуулчид, соёл урлагт хайртай олон нийтэд өвөрмөц нэгэн үдшийг бэлэглэлээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд АНУ дахь Монгол Улсын Соёлын элч, зураач, цам урлаач Н.Ганхуягийн устаниүгүй болсон байсан цамын багийг дахин ссэргээсэн замнал болон уран бүтээлээ дэлгэсэн “ХҮРЭЭ ЦАМ–108 ДАХИН СЭРГЭСЭН НЬ” үзэсгэлэнг олон нийтэд толилуулж, Монголын бурхан шашны урлаг, цамын өв соёлын үнэ цэнэ, ур хийцийг үзэгчдэд хүргэлээ.
Мөн Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, 2023, 2024 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг уран бүтээлч, ятгач Г.Солонго болон төгөлдөр хуурч Г.Сэлэнгэ нарын хамтарсан “АЯСАХУЙ” уран бүтээлийн тоглолт үзэгчдийн хүртээл болж, монгол үндэсний хөгжим болон төгөлдөр хуурын эгшгийг нэгэн тайзнаа уялдуулсан уран бүтээлээ өргөн барилаа.
Нэгэн гэр бүлийн уран бүтээлчдийн үе дамжсан өв соёлоо эрхэмлэн дээдэлж, урлан бүтээж, хөглөн түгээх чин хүсэл тэмүүлэл нь үзэсгэлэн, тоглолтоор дамжин үзэгчдийн сэтгэлд хүрч, Чойжин Ламын Сүм Музейн түүхэн, амгалан орчинд соёлын өвийг мэдэрсэн дурсамжтай үдшийг бүтээлээ.
“ЧОЙЖИН ФЕСТИВАЛЬ–2026” тусгай хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллага, уран бүтээлчид, дэмжигчид болон хүрэлцэн ирж хамт байсан нийт үзэгчиддээ Чойжин Ламын Сүм Музейн хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
