
“Нүүдэлчин” Дэлхийн Соёлын Фестивальд “Урианхай Угсаатны Өргөө” Соёлын Хөтөлбөрийг Толилууллаа
2026 оны 8-р сарын 28
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Чойжин ламын сүм музейгээс Монголын угсаатны өв соёлын олон талт байдлыг олон нийт, олон улсын зочдод таниулан сурталчлах зорилгоор “Урианхай угсаатны өргөө” гэр үзэсгэлэн болон соёлын тусгай хөтөлбөрийг зохион байгууллаа.
Тус хөтөлбөрөөр Урианхай угсаатны уламжлалт эд өлгийн зүйл, ахуй амьдрал, идээ ундааны соёл, ёс заншил, уламжлалт урлаг, биет болон биет бус соёлын өвийг танилцуулж, Монголын нүүдэлчин соёлын баялаг, олон талт өвийг үзэгчдэд хүргэлээ.
Хөтөлбөрийн соёлын боловсролын хөтөлбөрийн тоглолтоор Монголын үндэсний биет бус соёлын өвийн төлөөлөл болсон морин хуур, хөөмий, тууль хайлах, бий биелгээ зэрэг уламжлалт урлагийг толилуулж, өвлөн уламжлагчид өөрсдийн уран бүтээлээрээ үзэгчидтэй уулзсан юм.
Тоглолтод Монгол Улсын Төрийн туульч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бүжигчин Паламжав тэргүүтэй өвлөн уламжлагчид оролцож, Монголын уламжлалт урлаг, амьд өв соёлыг олон улсын зочид, үзэгчдэд танилцууллаа.
Ийнхүү “Урианхай угсаатны өргөө” -өөр дамжуулан Урианхай угсаатны өв соёл, уламжлалт мэдлэг, урлагийн өвийг олон нийтэд таниулж, Монголын нүүдэлчин соёлын өвөрмөц, олон талт өвийг олон улсын зочдод хүргэх боломж бүрдлээ.
Чойжин ламын сүм музей цаашид ч Монголын соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах, олон нийт болон олон улсын зочдод таниулан түгээн дэлгэрүүлэх чиглэлээр төрөл бүрийн соёлын боловсролын хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байх болно.
Өв соёл бол бидний үнэт өв.
Өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ
