


МэдээМэдээ
Олон Түмэндээ Зориулж “Дээд Амгалант” Үзэсгэлэнг Онцлон Дэглэж, Үзэгч Олны Мэлмийд Өргөн Толилуулж Байна.
2026 оны 6-р сарын 16
“Чойжин фестиваль” зуны улирлын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мутрын урлалын гайхамшигт бүтээлүүдийн нэг “ДЭЭД АМГАЛАНТ ЦАГААН” хэмээх ядам бурхныг музейн цогцолборын нууц тарни нандин шүтээний сүмээс музейн үзүүллэгийн танхим “Гол сүм”-ийн төв хэсэгт байршуулж, давхар дэлбээт бадам цэцгийн сууринд гүн хүндэтгэлтэйгээр онцгойлон дэглэж, үзэгч олон Та бүхний гэгээн мэлмийд өргөн толилуулж байна.
“ДЭЭД АМГАЛАНТ ЦАГААН” буюу ДЭМЧИГГАРАВ бурхан нь Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан, бясалгалын нууц тарнийн хос бурхадын ур хийц, ид шидийн гайхамшигийг илэрхийлсэн хосгүй үнэт бүтээлүүдийн нэг бөгөөд арга билгийг бэлгэдсэн бясалгалын дүрээр орших хос бурханд олон нийт гэр бүлүүд, залуу хосууд амар амгалан амьдрал, ханийн заяа, буян хишгээ даатгахаар бэлэгшээн зорьж ирдэг онцлогтой билээ.
“ДЭЭД АМГАЛАНТ” үзэсгэлэнд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын ариун мутрын болон дэг сургуулийн, урлахуй ухааны охь болсон хосгүй үнэт бүтээлүүд болох Очирт хөлгөний ёсны язгуурын таван бурхны нэг “ЭРДЭНЭ ҮҮСГЭГЧ”, хамаг амьтдын хилэнц түйтгэр болон тангараг доройтсон бүхнийг ариусгагч “ОЧИРТ СЭТГЭЛТ”, толь мэт билиг билгүүнийг бэлгэдэх “ҮЛ ХӨДЛӨГЧ”, биеийн өвчнийг илаарьшуулах ба нүглийг ариусгах тухайд асар их ид хүчтэй хэмээх “ОТОЧ БУРХАД” тэргүүтэй шүтээнүүдийг мөн тусгайлан заллаа.
Эрхэм Та бүхнийг бидний Танд зориулан дэглэсэн “ДЭЭД АМГАЛАНТ” онцлох үзэсгэлэнг зорин ирж, мэлмий баясгахын зэрэгцээ үзэсгэлэнд дэглэсэн нандин шүтээнүүдэд сайн сайхан, амар амгалан амьдрал, гэр бүлийн аз жаргалаа даатган бэлгэшээж, ерөөл оршоохыг ХҮНДЭТГЭН УРЬЖ БАЙНА.
