
"Nomadic Melodies" тоглолтын нээлт амжилттай боллоо
2026 оны 8-р сарын 6
UNCCD COP17-ийг угтан Чойжин ламын сүм музейгээс зохион байгуулж буй Монголын соёлын биет бус өвийг олон улсад сурталчлах "Nomadic Melodies" тоглолтын нээлт 2026 оны 07-р сарын 24-ны өдөр амжилттай боллоо.
Нээлтийн тоглолтод Монгол Улсын Төрийн туульч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж тэргүүтэй өвлөн уламжлагчид оролцож, үндэсний хөгжмийн зэмсгийн аялгуу, уртын дуу, хөөмий, тууль, бий биелгээ зэрэг Монголын соёлын биет бус өвийн сор бүтээлүүдийг толилуулав.
Тоглолтын турш үзэгчид халуун алга ташилтаар уран бүтээлчдийг урамшуулан, хөтөлбөрт идэвхтэй оролцож, Монголын өв соёлын гайхамшгийг мэдэрсэн сэтгэл хөдөлгөм уур амьсгал бүрдлээ.
"Nomadic Melodies" тоглолт нь UNCCD COP17 олон улсын хурлын төлөөлөгчид, гадаад, дотоодын жуулчид болон музейн зочдод зориулан Чойжин ламын сүм музейд өдөр бүр тоглогдох бөгөөд Монголын соёлын биет бус өвийг түүхэн дурсгалт орчинд бодитоор мэдрүүлэх онцгой соёлын хөтөлбөр юм.
Чойжин ламын сүм музей Та бүхнийг Монголын уламжлалт урлаг, өв соёлын өвөрмөц ертөнцөөр аялах энэхүү тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
